Буриад ястан

Буриад нь Монгол угсааны нэг ястан юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Забайкалск мужийн зарим дүүрэг (хуучнаар Усть Ордын Буриад болон Агийн Буриадын автономит тойргууд), түүнчлэн Монголын хойд болон өвөр Монголын зүүн хойд хэсгээр голлож оршин сууна.

Буриад гэдэг нэр түүхэнд анх тэмдэглэгдсэн нь 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоонд байдаг. Бураиад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:
 

1.     "Бури" (туркээр "чоно") эсвэл "бури-ата" туркээр "эцэг чоно") гэдгээс гаралтай.
2.     "Буруут" гэдгээс гаралтай - Монголчууд исламын шашинтай кыргызуудыг буруу номтон гэж нэрлэдэг байсанчлан Монголчуудаас өөр шашин шүтдэг байсантай холбоотой байж магадгүй. Энэ боломж бага магадлалтай.
3.     "Брат" (оросоор "ах" эсвэл "дүү") гэдгээс гаралтай. Оросууд өөртөө ойр дотно хандаж байсан учир тэгж нэрлэсэн байж магадгүй. Энэ боломж мөн бага магадлалтай.
4.     "Буруулсан ард" гэдэг нийлмэл Монгол Орост дагаар орсны дараа ингэж нэрлэдэг
байсан.
Цагаан-Үүр, Ханх суманд буриадууд аж төрдөг. Тэднийг байгаль нуурын ар өврөөр нутаглаж байсан анчин гөрөөчин ойн иргэдийн нэг хэсэг гэж үздэг. Буриадууд Монгол угсааны аймаг байсан бөгөөд, XIII зууны үед Монголын эзэнт улсын харьяат болжээ. Манжийн дарлалын үед буриад нар харьяалалгүй болсон бөгөөд XVII зууны үед Буриадын зарим овгууд Орост дагаар орсон байна. Хаант Орос, Манж Чин улсын 1789 оны Нэрчү-гийн хэлэлцээрээр буриад нарын нутаглаж байсан газар нутаг бүхэлдээ хаант Оросын эзэмшилд оржээ. "Хөвсгөлийн буриадууд бол Монгол газар нутагт XVII зууны үеэс Хөвсгөл нуурыг бараадан амьдарч байсан ойн иргэдийн улдэц, нутгийн Монголжсон зон олон юм. Тиймээс Хөвсгөлийн зүүн хойд хэсэг нь буриад түмний өлгий нутаг" гэсэн дүгнэлтийг түүхч эрдэмтэн С.Бадарч хийсэн байна. 1905 онд Орост гарсан хувьсгал дарагдсаны дараа Сибирьт харгислал чангарсан тул 1910-аад оны үед хил залгаа нутгийн буриадууд Монгол руу дүрвэн нүүсэн байна. Энэ үед Монгол оронд манжийн ноёрхол унасан учир Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зүгийн Цонгоол буриадууд Хэнтий, Дорнодын Хорь, Агийн буриадууд Монголд ирж суурьшсан. Тэдгээрийн нэг хэсэг болох Монголын умард хилийн дагуу аж төрдөг Түнхэн, Захемини нутгийн Буриадуудын зарим хэсэг тухайн үед Ханх, Цагаан-Үүр сумын нутгийн уугуул Буриадуудаа бараадан ирж суурьщсан байдаг.


Цагаан-Үүр, Ханхын Буриадууд Буриадын Түнхэн, Санагын цонгоол Буриад аялгаар ярьдаг. Тэдний уг гарал нь Халх өөлдийн гаралтай Буриадууд гэж угсаатны зүйч, доктор Х.Нямбуу гуай тэмдэглэсэн байдаг. 1920-иод оны эхээр Үүр голын буриад /Цагаан-Үүр сумын/ 130-аад өрх, 530 хүн, Ханхын Буриад 60-аад өрх, 220-иод хүн байсан гэдэг мэдээ байдаг. Цагаан-Үүр, Ханх сумын Буриадуудын төрөл төрөгсөд Буриадын Санага, Түнхэн районоор -амьдараг юм байна. Буриадууд нь өөрийн гэсэн өвөрмөц хэл аялгуутай, дуулж хуурдах, ёохор хатирахдаа гарамгай. Тэд модон байшинд амьдардаг. Модоор байшин барих, хадлан авах, сүүгээ машиндаж тос цохих, талх барих, жимс түүж чанамал /Варенье/ бэлтгэх, ан гөрөө хийх талаараа нэртэй. Ажилсаг ард түмэн юм. 1979 оны хүн амын тооллогоор тус аймгийн иргэдээс 770 хүн Буриад гэж бүртгүүлсэн бол 2000 оны байдлаар 996 хүн өөрсдийгөө Буриад ястан гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: "Алунгоо экологи" сэтгүүл 2015.07 (Дугаар 5)

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.