Цаатан

Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг.

Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн.

Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Увс аймгийн Сагил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж, урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон.

Цаатангууд нь өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх арга хэлбэртэй цөөнх болж байгаа ястан юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа өвөр хоорондоо уйгараар ярина. Бөөгийн шашин шүтнэ. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Цагааннуур сумын Баруун тайгад 19-22 өрхөд 95, Зүүн тайгад 17-19 өрхөд 85 орчим цаатан иргэн аж төрж, цаа маллан амьдарч байна. Сумын төвд 150 орчим цаатан иргэн аж төрдөг байна.


2000 оны хүн амын тооллогоор 269 хүн өөрийгөө “цаатан” гэж тоолуулсан байна. Бидний бүртгэж тооцоолсноор Цагааннуур суманд 400 шахам цаатан иргэн байдаг гэж үздэг. Хүн амын тооллогод тайгад аж төрдөг голдуу хүмүүс өөрсдийгөө “цаатан” гэж бүртгүүлж, сумын төвд амьдрагсдын зонхилох нь “дархад” гэж бүртгүүлсэн бололтой.

Холбоо барих

Хөвсгөл аймаг

Мөрөн хот 8-р баг

Утас: 8855-6979,

Email: dalaieej@gmail.com

Facebook: www.fb.com/murenaylal

Webiste: www.dalaieej.mn

Скачать шаблоны для joomla 3.4.